Заримдаа эмэгтэй хувцас хэтэрхий гял цял, цацаг чимэг ихтэй санагддаг. Эрэгтэй хувцас энгийн, бөх, хэтэрхий анхаарал татахааргүй. Тиймдээ ч "Boyfriend жинс", Boyfriend сорочк" гээд эрэгтэй хувцасны нэлэмгэр характерыг тэр чигээр нь хадгалсан загварууд сүүлийн хэдэн жил хүчтэй гарч ирч байгаа. Зөвхөн эмэгтэй стилийн хувцасанд баригдалгүй, зөвхөн бариу, гялгар шигтгээтэй ягаан плате өмсөнө гэлгүй, янз бүрийн стиль, тэр тусмаа эгэл жирийн энгийн загваруудыг амилуулж, өмсч чаддаг эмэгтэйчүүд арай л өвөрмөц, өөртэй итгэлтэй харагддаг.
Хувцас гэдэг тухайн үеийнхээ мэдрэмж, цаг үед тааруулж байж дээд зэргээр амилдаг. Хэдийгээр эмэгтэйчүүд бид дэрэвгэр ягаан принцес стилийн плате дэлгүүрийн цонхонд хараад өөрийн эрхгүй алхаа удааширч хараа тогтдог ч, зөвхөн ийм төрлийн хувцас шүүгээг бүрдүүлж чаддаггүй. Энгийн, эгэл жирийн тусмаа өмсгөл ихтэй, тохирох газар ч өргөн, урт настай байдаг. Дан тав дахийн орой дискодох гэж байгаа юм шиг хувцаснуудтай, түүнийгээ жирийн үед ч өмсдөг бол дозыг нь хэтрүүлж байна гэж ойлгож болно. Эрэгтэй стилийн гэмээр элдэв чимэггүй энгийн хувцаснууд л шүүгээний гол аврагч байдаг. Хэд хэдэн энгийндүү, эсгүүр сайтай сорочк, ноосон цамц, ганц хоёр эсгүүр, материал сайтай цув, пальтотой бол моодноос хамааралгүй удаан өмсч чадна.
Сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралтай холбогдуулаад фэйшн ертөнц ерөнхийдөө энгийн, аль болох хүний анхаарал татахгүй, илт машины үнэ орсноо зарлаж буй мэт сүржин хувцас, логоноос татгалзсан хандлагатай байлаа.
Zeitgeist. Орчуулбал цаг үеийн уур амьсгал гэдэг герман үг. Нийгэм, цаг үеийн ерөнхий чиг хандлагыг энэ үгээр төлөөлүүлж хэрэглэдэг. Хямралтай холбогдуулан хүмүүс жирийн загвар, сулавтар өнгө, эсвэл бараан өнгийг илүүд үзэж логотой цүнхнээсээ ичих болсон. Бусад хүмүүс ажлаа алдаж байхад ганцаараа бүхнээс содон ямар нэгэн брэндийг рекламдаж явахыг хүсээгүйгээс тэр. Хувцас бол эцсийн эцэст тансаглал. Ихэнх бүсгүйчүүд шүүгээ дүүрэн хувцастай ч өглөө босоод өмсөх хувцас олдохгүйгээ гайхдаг. Учир нь тэдгээр хувцаснууд тань хэтэрхий гял цял юмуу таны жинхэнэ характертай тохироогүй, хэтэрхий хичээсэн, эсвэл "өнөөдөр"төй хол зөрсөн байдагтай холбоотой. Хүн бүр натурал өнгийн жирийн пальтог сонгож байхад, ганцаараа неон ягаан том том шигтгээтэй унжлага, цацаг болсон пальто өмсчихвөл цаг үеийн уур амьсгалыг ойлгоогүйгээ илтгэж олны харцны бай болно. Гэхдээ энэ нь та ийм характертай бол дуртай зүйлээсээ бүрэн татгалз гэсэн үг биш. Зүгээр дозыг нь багасгаж, энгрийн тэмдэг, бугуйвч, торгон алчуураараа өөрийнхөө гял цял талаа илэрхийлээд харин гол суурь хувцасаа цаг үетэйгээ тохирсон загвараар солиход л болно.
Эрэгтэй хувцас гэдэг харахад энгийн ч, энгийн тусмаа материал, эсгүүр, детайлыг нь бодолцсон байдаг. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийг ятгахад амаргүй, тэгээд ч тэд бидэн шиг үргэлж шинийг эрж хайлгүй, өөрт тохирсноо удаан өмсөөд сурчихсан байдаг. Тиймээс материал сайтай байх яалт ч үгүй эрэгтэй хувцасны гол шалгуур. Эмэгтэйчүүд бидэнд бол түрүү жилийн загварыг бага зэрэг хормой, энгэрийнх нь хэсгийг өөрчлөөд шуудайны материалаар ч оёод өгсөн ч яаж ийгээд, бусад зүйлстэйгээ хослуулаад амилуулж дөнгөх улс. Эрчүүд харин залхуу, тэгээд ч шинийг эрэлхийлэх дуртай биш. Тиймээс эрэгтэй хувцас ихэвчлэн дээд зэргийн энгийн атлаа удаан өмсөхөөр, цоо шинэ, гял цял харагддаггүй, дөнгөж өмсөнгүүт 10 жил өмссөн юм шиг харагддаг. Хамгийн гол нь биед шингэцтэй, тухайн хүнийг тэс өөр, гэнэт баяжсан юм шиг харагдуулдаггүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл гял цял, гоё сайхан бүхэн удаан өмсгөлтөй, удаан хайрлаж өмсөхөөр биш байдаг. Харин хичээгээгүй хувцас илүү урт настай. Эрэгтэй хувцаснаас авах зүйл их бий. Тэгээд ч одоо Юнисекс буюу хүйс харгалзалгүй өмсөхөөр зүйлс олон болсон. Трэнч цув, сорочк, өмд, жинс, пиджак гээд л... Дараагийн удаа найз залуу юмуу нөхрийнхөө хувцасыг сайн ажиглаарай, тэгээд таалагдсан хувцасаа түр зээлээд өмсч үзээрэй. Бага зэрэг нэлмийлгээд зузаан ноосон цамцыг нь шулуун юбкатэй, эсвэл нэлмэгэр сорочкыг скинни жинстэй өмсөөд үзээрэй. Дан эмэгтэй, биед яг таг таарсан хувцаснаас хамаагүй эрх чөлөөтөй мэдрэмж төрдөг. Тэгээд ч арай күүл ч болчихсон юм шиг санагдах бизээ.
5 comments:
medeejiin,uitgartain,mash nurshuu,davtalt ihtei sanagdlaa minii huvid,,sooorry..nudendee zohiogui ustei,x-duu holtei model zaluugiin etgeed sonin bish,tenegduu sonin tsarai n huvtsasnaas anhaaral sarniulaad bhiin
like your blog keep going, mongold fashion gedeg haaya ih uruusguluur oilgogddog, neg ih gangan humuusiin ajil gj boddog yum shig bgaan bs zagvar umsugch naraaraa ihenhdee tuluuluulne gtl hamgiin gol personal style bgaad bdag mongold goyo huvtsasladag model bi lav baga medne, engiin udur tutmiin huvtsaslaltaas high fashion hurtel goyo medeelluudtei yum bna, amjilt husye :)
goy niitlel bn. haaya eregtei huvtsasnii delguurt goy huvtsas haragdaj l bdiiin. daraa neg zorig gargaad orj uznee
minii blogoor zochilsond bayarlalaa. Handlaga chini ih taalagdlaa. Bi ch gesen shouting brand-uuded durgui. Avch chadahguidee ch gol ni bish zugeer l bi bish bolohoor... orj garch unshij bnaa.
hi.deerh niitleliig unshaad neg huniig genet sanachihlaa. tsug surdag ohin maani delguur orohooroo dandaa l 5dahiin show-daa zoriulj huvtsas avdag bj bilee. jiriin ued hicheeldee omsoh huvtsas oldohgui. urgelj l neg yumaa omsdogson hehe. odoo oorchlogdson bolov u...
Post a Comment